TOEFL-ын шалгалт гэж юу вэ?
TOEFL® нь төрөлх хэл нь англи биш орнуудын иргэдийн их сургуулийн хичээл дээр сонсох, ярих, унших болон бичих чадварын түвшинг тогтоох зорилготой шалгалт юм.
TOEFL iBT® болон TOEFL® PBTшалгалтын ялгаа юу вэ?
TOEFL-ын шалгалтыг үндсэн хоёр хэлбэрээр авч байна. TOEFL iBT® шалгалтыг интернэтээр, харин TOEFL PBT шалгалтыг бичгээр авдаг билээ. Та хаана, аль улсад байгаагаас шалтгаалан ямар хэлбэрийн шалгалт өгөхөө шийдэж болно. Монголд TOEFL iBT® шалгалтыг авдаг. TOEFL iBT® шалгалт унших, сонсох, ярих, бичих чадварыг шалгадаг ба 170 орчим улсын 4500 шалгалтын төвүүдэд явагддаг. Харин TOEFL iBT® шалгалт авах боломжгүй улс орнуудад TOEFL PBT буюу бичгийн төрлийн шалгалтыг авч байна.
TOEFL-ын шалгалтын оноог хаана хүлээн зөвшөөрдөг вэ?
Дэлхийн 130 гаруй орны 8000 гаруй их сургууль, коллежид уг шалгалтыг хүлээн зөвшөөрдөг. Дээрхи сургуулиуд элсэлтийн журамдаа TOEFL-ын шалгалт өгсөн байх үндсэн шаардлагыг тавьдаг билээ.
Шалгалт хэдийд явагддаг вэ?
TOEFL iBT® шалгалт жилд 30-40 удаа, тодорхой цагуудад явагддаг. TOEFL PBT шалгалт явагддаг улсад TOEFL iBT® шалгалт байхгүй бөгөөд жилд 6 удаа явагддаг. Та TOEFL iBT® шалгалтын унших, сонсох хэсгийн үлгэрчилсэн шалгалтыг манай сайтаар үнэ төлбөргүй өгч болно.
Шалгалтыг дахин өгч болох уу?
Мэдээж, та хүссэн үедээ дахин өгч болно.
Шалгалтын төлбөр хэд вэ?
Шалгалтын төлбөр 160-250 ам.доллар байна. Шалгалтын бүртгэл шалгалт болох өдрөөс 7 хоногийн өмнө хаагддаг бөгөөд хэрэв та энэ хугацаанаас хойш бүртгүүлэх шаардлагатай болвол 35 ам.доллар нэмж төлнө.
Шалгалтын мэдээллийг бусад сургуулиуд руу хэрхэн илгээдэг вэ?
4 хүртэлх сургууль руу таны шалгалтын оноог үнэ төлбөргүй илгээдэг. Та TOEFL iBT® шалгалтад анх бүртгүүлэх үед оноо илгээх 4 сургуулийн тань хаягийг бүртгэж авдаг. Бусад тохиолдолд шалгалтын оноог онлайнаар захиалж болох ба ойролцоогоор 2 долоо хоногийн дотор шалгалтын оноог илгээдэг. Төлбөр нь одоогоор 17 ам.доллар байна.
TOEFL-ын шалгалтад бэлтгэх хамгийн шилдэг арга юу вэ?
Шалгалт өгөх өдөр өөртөө итгэлтэй байхын тулд унших, сонсох, ярих, бичих дадлагыг боломжтой үедээ байнга хийж байх нь зүйтэй юм. Хамгийн шилдэг арга бол бодит TOEFL-ын шалгалттай адил нөхцлийг бүрдүүлсэн дадлагын ном, программыг ашиглах явдал юм. Үүний нэг нь манай сайтын санал болгож буй унших, сонсох шалгалтууд мөн юм.
TOEFL iBT®шалгалт ямар бүтэцтэй вэ?
Өмнө дурдсанчлан унших, сонсох, ярих, бичих чадварыг шалгах дөрвөн хэсгээс энэ шалгалт бүрдэнэ.
Унших чадварын шалгалт нь тус бүр 12-14 асуулттай 3-5 академик унших материалаас бүрдэнэ. 60-100 минутын хугацаанд үргэлжилдэг.
Сонсох чадварын шалгалт нь тус бүр 3-5 минутын хугацаатай, 6 асуулт бүхий нийт 4-6 лекц, мөн тус бүр 3 минутын хугацаатай 5 асуулт бүхий 2-3 харилцан ярианаас бүрдэнэ.
Ярих чадварын шалгалт нь 20 минутын хугацаатай 6 асуултаас бүрдэнэ. Эхний хоёр асуулт нь дурын сэдвээр тодорхой хугацаанд ярих таны чадварыг шалгах бол дараагийн 4 асуулт нь уншиж, сонсох, эсвэл сонсож, уншсаны дараа тухайн сэдвээр ирэх асуултад хариулах байдлаар явагдана.
Бичих чадварын шалгалт 50 минут үргэлжилнэ. Богино хэмжээний лекц уншиж, сонссоны дараа тухайн сэдэвтэй холбоотой асуултад бичгээр хариулах шалгалт 20 минутын хугацаатай үүний дараа дурын сэдвээр таны бичих ур чадварыг тодорхойлох шалгалт 30 минут үргэлжилнэ.
Онооны тогтолцоо ямар вэ?
Шалгалтын дөрвөн хэсэг тус бүр өөрийн оноотой.
Унших -0-30, сонсох 0-30, ярих 0-30, бичих 0-30, нийт 0-120 оноо авах боломжтой.
Шалгалтын оноог хэрхэн хүлээж авах вэ?
Шалгалт өгснөөс хойш 2 долоо хоногийн дотор оноог интернэтэд нийтэлдэг. Харин шалгалтын оноог 4 долоо хоногийн дотор шуудангаар биечлэн илгээдэг. Шалгалт өгсөн өдрөөс хойш 2 жилийн хугацаанд энэхүү оноо хүчинтэй.