Эрдэм шинжилгээний томоохон хувийн сургууль гэж юу вэ?


Эрдэм шинжилгээний хувийн их сургуулиуд нь ижил төрлийн төрийн их сургуулиудтай харьцуулахад санхүүгийн уян хатан байдлаараа давуутай хэмээн Атланта дахь Эморийн Их сургуулийн захирал Жеймс В. Вагнер ярьж байна. Тийм ч учраас хувийн сургуулиуд нь янз бүрийн хөтөлбөр боловсруулах илүү чадвартай байдаг байна.

Америкийн дээд боловсролын тогтолцооны нэг хүчтэй тал нь маш олон талын сургалт явуулдагт оршино. Хэдэн зуухан оюутантай жижиг коллежуудаас эхлээд хэдэн арван мянган оюутантай, муж улсын дэмжлэгтэй томоохон их сургуулиуд хүртэл, хоёр жилийн сургалттай, мэргэжлийн чиг баримжаат хөтөлбөртэй орон нутгийн анхан шатны коллежуудаас эхлээд хувийн санхүүжилттэй эрдэм шинжилгээний их сургуулиуд хүртэлх сургуулиудад олгож байгаа америк дээд боловсрол маш олон төрлийн хэрэгцээг хангаж байна. Оюутнуудын хувьд сонголтоо зөв хийх нь ажил мэргэжлийн замаа хөөх, албан тушаалд дэвших боломж, санхүүгийн дарамт бэрхшээл болон газар нутгийн байршлаас ихээхэн хамааралтай. Өөрөөр хэлбэл, тэд юу хийж, юу судлах тэмүүлэлтэй байна, тэдний боломж ямар вэ, тэд гэр орноосоо холдохыг хүсч байна уу, үгүй юу гэдэг нь чухал учир холбогдолтой. Эцсийн эцэст уг сургууль оюутны хүсэл эрмэлзэлд хэр зэрэг нийцэж байгаа нь хамгаас чухал юм.

АНУ-д хамгийн том 100 их сургуулийн 92 нь олон нийтийн буюу “муж улсын дэмжлэгтэй” (өөрөөр хэлбэл, Холбооны засгийн газрын бус, бие даасан 50 муж улсын аль нэгний дэмжлэгийг авдаг) байдаг бөгөөд нийт үндэсний хэмжээнд коллежийн оюутнуудын 77% нь төрийн сургуулиудаар боловсрол олж байна. Одоог хүртэл хамгийн өндөр зэрэглэлийн 25 их сургууль дотроос гурав дөрвөөс бусад нь хувийн томоохон их сургуулиуд байна. Ийм ч учраас эрдэм шинжилгээний хувийн их сургуулийг АНУ болон дэлхий дахинд өндөрөөр үнэлдэг юм.

Тэгвэл “Эрдэм шинжилгээний хувийн их сургууль” гэж ярихдаа бид юуг илэрхийлж байна вэ? Ийм маягийн сургууль юугаараа тэгтлээ анхаарал татна вэ?

Эрдэм шинжилгээний хувийн их сургуулиуд мэргэжлийн сургалт (жишээ нь, хууль эрхзүй, анагаах ухаан болон инженерчлэлийн чиглэлээр) явуулж, Ph.D-ийн зэрэгт хүрэх боловсрол олгож байна. Факультетын эрдэмтэн багш нар сургалтаас гадна судалгаа шинжилгээний ажилд ихээхэн цаг зарцуулдаг. Үнэндээ эдгээр сургуульд нөхөн олговор болон дэмжлэгийг тодорхойлоход факультетийн чанар, мэдлэг боловсрол, судалгаа шинжилгээний ажил сургалтын чанартай адил хэмжээнд чухлаар тавигддаг. Гэхдээ төрийн их сургуулиуд ч ялгаагүй мэргэжлийн сургалт явуулж, Рh.D зэрэг олгодог бөгөөд сургалт болон судалгааг чухалчлан анхаардаг. Тэгвэл хувийн их сургуулиуд юугаараа өөр юм бэ?

Нэг зүйл гэвэл, хувийн их сургуулиуд ерөнхийдөө санхүүгийн хувьд ихээхэн уян хатан байдаг. Тэд санхүүжилтийн талаарх муж улсын хууль тогтоомжоос хамааралгүй байдаг бөгөөд өөрсдийн хөрөнгийг хуучин төгсөгчид, буяны сангууд, эрдэм шинжилгээний болон мэргэжлийн бусад байгууллагуудаас авч бүрдүүлдэг. Дээрх хүмүүс, байгууллагууд их сургуулиудын хөтөлбөр, оюутны тэтгэлэг, байр сав болон багш нарын зардлыг санхүүжүүлж байдаг. Санхүүжилтийн эдгээр эх үүсвэр төрийн их сургуулиудын хувьд бас нэмэгдэж буй боловч одоогоор хувийн их сургуулиудын хувьд судалгааны мэргэшсэн төвүүдийг байгуулж, янз бүрийн хөтөлбөр боловсруулах замаар судалгааны зоримог шинэ чиглэлд илүү шалмаг, илүү чадварлаг алхам хийх боломжоор хангаж байна. Оюутнуудын хувьд энэхүү уян хатан байдал нь нөгөөтэйгүүр тэднийг бага дэмжлэгтэй гэж бодож байж болох салбараа орхихгүй байх боломж гэж ойлгогдох нь олонтаа байдаг.

Үүнтэй нэгэн адил хувийн их сургуулиуд улсын мөнгөний авдраас хараат бус байдаг нь тэднийг бусад улс оронд “өөрийн цэг”-ийг байгуулах илүү боломжтой болгодог юм. Жишээ нь, Жеоржиа мужийн иргэд өөрсдийн төлсөн татварын доллараа Лондонд судалгааны төв байгуулахад зарцуулахыг зөвшөөрөх шинжгүй байна. Харин тэд хувийн санхүүжилттэй Эморийн Их сургуулийн тийм төв байгуулахад дургүйцэхгүй юм шиг байна.

Ерөнхийдөө хувийн их сургуулиуд судалгаа, сургалт болон үйлчилгээний олон улсын гол үүд хаалга болохдоо хялбархан юм. Жишээ нь, Эморийн Их сургууль Африк даяар, Кавказын бүс нутаг болон Азид дэлхий дахины эрүүл мэндийн хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Энэ сургууль бас Европ, Ази даяар хэрэгжүүлдэг бизнесийн хөтөлбөртэй. Ийм үйл ажиллагаа нь АНУ буюу хилийн чанадад ч ялгаагүй америк багш, оюутнуудад бусад улс орны хамгийн ухаантай, хамгийн авьяаслаг хүмүүстэй холбоо тогтоон хамтран ажиллах боломж олгож байгаа юм.

Эцэст нь, улсын их сургуулиудыг бодвол арай жижгэвтэр хувийн ихэнх судалгааны их сургуулиуд хүнийхээ цөөн тоо, хөрөнгө нөөцөөр баян байдлаа үүнтэйгээ таатайгаар хослуулж байна. Суралцах болон шинжилгээ судалгааны ажил хийх чадавхи улсын ч бай, хувийн ч бай үндэсний хэмжээний чанартай сайн аль ч их сургуульд өндөр байдаг бол хувийн оюутны хотхон жижгэвтэр байдаг, тэгээд ч сургууль, байр хоёр хоорондоо хэдхэн алхамын зайтай байдаг нь оюутан сурагчид хичээлийн явцдаа ойр хамтран ажиллах явдлыг хялбар болгож байгаа юм. Хамгийн чухал нээлтүүд хил дамнасан хамтын ажиллагааны дүнд хийгдэж буй ертөнцөд оюутны хотхоны хүрээ хязгаар дотор буюу түүний чанадад, тэр ч бүү хэл дэлхийн бөмбөрцгийн хамгийн алслагдмал хэсэгт ч хүрч хамтын ажиллагааг тулж дэмжих, эрчимжүүлэх хувийн их сургуулиудын чадавхид тэдгээрийн агуу их татах хүчний нууц оршино.

Эх сурвалж E-Journal USA сэтгүүл


Ангилал: АНУ-ын боловсролын тогтолцоо

Уншсан тоо: 88, 1-р сар. 1, 2012, 11:38 a.m.

Шинэ мэдээ

  • TOEFL Conversion Chart

    Дэлхийн ихэнх оронд 2005 оноос интернэтэд суурилсан TOEFL-ын шалгалтыг нэвтрүүлж өнөөдөр цөөн хэдэн оронд ...

    Уншсан тоо: 21 | 3-р сар. 7, 2012, 3:54 p.m. | Дэлгэрэнгүй

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтрэх шаардлагатай