АНУ-ын коллеж, их сургуулиудын сургалтын өртөг


Ихэнх Америк оюутуудын хувьд, олонхи нь хэд хэдэн эх үүсвэрээс хөрөнгө мөнгө цуглуулж байж сургалтын төлбөрөө төлдөг. Үүнд эцэг эхийн тусгайлан хуримтлуулсан хадгаламж, зээл, буцалтгүй тусламж, ажил хийж олох буюу олсон цалин зэрэг ордог. Гадаадын оюутнуудын хувьд энэ аргаар сургалтын төлбөрөө төлөх нь тэр бүр боломжгүй байдаг хэдий ч санхүүгийн дэмжлэг туслалцаа хаанаас хэрхэн авч болох талаархи санал зөвлөгөөг энэ өгүүлэлд тусгалаа.

 
АНУ-д коллеж буюу их сургуульд суралцахад төлбөр маш өндөр байдаг. Нэр хүндтэй их сургуульд 4 жил суралцахад сургалтын төлбөр нь 50 мянга орчим ам.доллар байдаг ба үүнд байр, унаа, ойр зуурын бусад зардал ороогүй болно. Эдгээр их сургуулиудаас дутахгүй чанартай боловсрол олгодог боловч төлбөр арай багатай коллежиуд бас байдаг. Дөрвөн жилийн сургалттай коллежиудын нэлээд нь сургалтын жилийн төлбөрт хамгийн багаар тооцоход 10 мянган ам.доллар авдаг. Мөн коллежиудын ихэнх нь жилд 20-30 мянган ам.долларын төлбөртэй байдаг. Америк айл өрхийн хувьд хамгийн их зардал гаргадаг зүйл бол хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлэх явдал юм.
Ихэнхи айл өрх хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хүүхэд төрсөн цагаас нь хуримтлуулж эхлэдэг ба зарим муж улсад иргэддээ хүүхдийнхээ сургалтын мөнгийг хуримтлуулахад нь дэмжлэг үзүүлсэн урамшуулалтын программ гаргаж тусалдаг.
Сургалтын төлбөр хичнээн өндөр байсан ч сургалттай холбогдон гарах бусад зардлыг бүхэлд нь агуулдаггүйг тэмдэглэх нь зүйтэй. Байр, ашиглах тоног төхөөрөмж, багш нарын цалингийн фонд зэрэг нь улам өндөр үнэтэй болж байгаагаа гадна сургуулиуд сүүлийн үеийн технологи ашигладаг болсноор лаборатори болон бусад нарийн мэргэжлийн сургалтын үнэ өртгийг улам өндөр болгодог. Их сургууль, коллежиуд нь төрөл бүрийн сан, корпораци, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээс гадна орон нутаг, муж улс, холбооны засгийн газруудаас байнга дэмжлэг туслалцаа хүсч байдаг.
Тэглээ гээд ч ирээдүйтэй сайн оюутан хүртэл сургалтын төлбөрөө төлөх талаар бэрхшээлтэй тулгардаг. Оюутан нь дунд сургууль буюу коллежид ажил хийж олсон мөнгөөрөө сургалтын бусад зардал буюу ном, унаа, байрны зардлыг төлж болно. Коллежиуд нь оюутнуудад амьдарч сурах зардлаа олохын тулд сургуулийнхаа хотхонд буюу тухайн дүүрэг районд ажил олоход нь тусалдаг. Дүүргийнхээ коллежиуудад насанд хүрэгчдийг хичээлийн бус цагаар орой буюу долоо хоногийн эцсээр Бямба, Ням гарагуудад ихэвчлэн ажиллуулдаг нь тун тохиромжтой байдаг. Түүнчилэн бүтэн буюу хагас өдрөөр явагдах сургалтыг бутэн өдрийн буюу цагийн ажилтай хослуулдаг нь сайн талтай. Дэлхийн II дайнаас хойш цэргийн алба хаасан америк залуучуудад дээд боловсрол эзэмшихэд нь санхүүгийн туслалцаа үзүүлж байх тухай хууль гарсан нь шинэлэг зүйл болсон. Урьд өмнө цэргийн алба хаасан ч цэргийн ахмад дайчид ийм боломж эдлэж чаддаггүй байсан ажээ.
Эцэг эх, гэр бүлийн хуримтлал, цуглуулсан мөнгөнөөс гадна сургалтын төлбөрийг төлөх өөр хоёр чухал арга байдаг нь нэгд банкны зээл авах, хоёрт “грант” буюу засгийн газар, сургууль, аль нэг байгууллагаас тэдний шалгуурыг давсан оюутанд суралцахад нь олгодог тэтгэлэг юм. Зээлийг эргүүлж төлдөг, чингэхдээ хүүтэйгээр эргүүлж өгнө. Оюутнуудын хувьд зээлийн хүү нь бусад төрлийн зээлтэй харьцуулахад бага байдаг. Сургуулиа төгсөөд ажиллахад эхний хэдэн жил энэхүү зээлийг чадан ядан төлөхөд зарцуулагдах нь нэгэн тогтсон жишиг болоод байна. Грант нь оюутны цалинг оролцуулдаг ба энэ нь нэг ёсондоо бэлэг хандив болгож өгсөн мөнгө байдаг тул эргүүлэн төлөх шаардлагагүй байдаг. Ийнхүү грант авахын тулд оюутан нь тухайн байгууллагуудаас тавих шаардлагыг хангасан байх учиртай. Жишээ нь онцсайн сурдаг, дундаж дүнгээрээ дээгүүр түвшинд байх, эсвэл ар гэрийн гачигдалтай гэдгээ нотлосон байх. Оюутны цалин гэж оюутан нь хичээлийн хажуугаар ажил хийж олсон мөнгө буюу онцсайн сурдаг, биеийн тамирын аль нэг төрлөөр амжилт гаргасан, мөн иргэний үүргээ онцсайн биелүүлсэн буюу ар гэрийн гачигдалтай гэдгээ нотлож чадсан оюутанд олгодог мөнгийг хэлнэ. Ийнхүү грант олж авах нь тийм ч амар зүйл биш юм. Нэн ялангуяа тийм мөнгийг хаанаас хэрхэн олж авахыг мэдэж хайх, грант өгөх бололцоотой тийм байгууллагуудад хандаж олон төрлийн анкет бөглөх ёстой байдаг нь зарим үед оюутан болон ар гэрийнхнийг нь зүрх алдахад хүргэдэг. Коллеж, дунд сургуулиуд ба зарим байгууллагууд нь оюутан сурагчдад ийнхүү санхүүгийн эх үүсвэр хайж олоход нь туслалцаа үзүүлдэг.
Энэ бүхэн АНУ-д суралцахыг хүсч буй гадаад оюутны хувьд бүр ч аймшигтай юм шиг санагдах нь гайхаад байх зүйл бишээ. Гадаадын зарим оронд дээд боловсролыг бага зардлаар буюу үнэгүй эзэмшиж болдог. Сургалтын төлбөр нь өндөр байлаа гэхэд ямарчиг л байсан АНУ-ынхаас хамаагүй бага байдаг. Дунд сургуульд байх цагаасаа эхлэн дээд боловсрол эзэмших мөнгөө хуримтуулж аваагүй боловч АНУ-ын коллежид суралцахыг хүсч буй гадаадын оюутанд ямар арга зам байж болох вэ?
“АНУ-д уулзъя” нэртэй Э-сэтгүүл, 2005 оны есдүгээр сар. [http://usinfo.state.gov/journals/itps/0905/ijpe/ijpe0905.htm] гэсэн хаяг бүхий энэ э-сэтгүүлд АНУ-д зорчих оюутнуудад холбогдох олон асуудлаар хариу өгсөн байдаг. Нэн ялангуяа оюутны визийн талаар тайлбарласан байдаг. Нанси В.Кетекү нь Гана улсын Аккра хотод Төрийн департаментад Африкийн орнуудын иргэдэд боловсролын асуудлаар зөвлөлгөө өгөх зохицуулагчаар ажилладаг ба “АНУ дахь дээд боловсрол, санхүүгийн асуудлууд” гарчигтай өгүүлэл бичсэнийг та бүхэн уншиж танилцахыг бид санал болгож байна. Ер нь энэ э-сэтгүүлийг бүхэлд нь уншиж танилцаарай. Дээрхи өгүүлэлийн гол гол хэсгүүдээс дурдахад:
Та АНУ-д коллежид суралцахыг хүсч байна уу? Америкт дээд боловсрол эзэмших нь засгийн газар нь боловсролын системээ төвлөрсөн аргаар хянаж байдаг зарим оронтой харьцуулахад асар өндөр өртөгтэй байдгийг та магадгүй анзаарсан байх. Нөгөө талаас, АНУ-д олсон дээд боловсрол нь сургалтын төлбөрт төлсөн мөнгө, тэр их хөрөнгө оруулалтын ач тусыг маш өндрөөр хариулдаг тул эцсийн бүлэгт дүндээ дүн болдогийг та бас анзаарсан байх гэж найдаж байна.
АНУ-д дээд боловсрол эзэмшихэд тань төлбөр санхүүгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох талаар зарим нэгэн санааг хэлэхэд:
• EducationUSA centers буюу АНУ-ын боловсролын төвүүд АНУ-ын Төрийн Департаментын дэмжлэгтэй ажилладаг бөгөөд танд шаардлагатай албан ёсны мэдээллийг өгөх газар юм. Таны оршин суугаа газарт газарзүйн хувьд хамгийн ойр байгаа АНУ-ын боловсролын төвийг та http://www.educationUSA.state.gov/centers.htm сайтаас олж болно.
• Зөвлөлгөө өгдөг энэхүү төвөөс та “Коллежиудын гадаадын оюутнуудын гарын авлага” ба Петерсоны бичсэн “АНУ-ын коллеж, их сургуулиудад элсэх тухай” гэсэн хоёр товхимолыг олж уншаарай.
• АНУ-ын Засгийн газрын мэдээллийг харахад АНУ-ын засгийн газрын ихэнхи хөтөлбөрүүд нь Бакалавраас дээгүүр зэрэгт буюу дипломын дараахь сургалтанд хамрагдахыг хүсэгчдэд анхаарлаа илүү хандуулсан байдаг. АНУ-ын ЭСЯ-ны Олон Нийттэй Харьцах Хэсэг буюу Pubic Аffairs Section (PAS) ба АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг буюу US Аgency for International Development (USAID) нь засгийн газар хоорондын хоёр талын гэрээг үндэс болгон энэ асуудлыг зохион байгуулдаг.
• Scholarship agencies буюу сургалтын төлбөр, оюутны сургалтын тэтгэлгийн мөнгө олоход тусладаг олон агентлагуудаас болгоомжлох нь зүйтэй! Хуурамч агентлагууд маш олон шүү. Сургалтын төлбөрийг төлөхөд хаанаас ямар тусламж авах талаар бодит мэдээлэл өгч чадна гээд хүмүүсийг итгэл төрүүлэхүйц гоё сайхнаар ятгаж, үйлчилгээндээ төлбөр нэхдэг энэхүү хуурамч агентлагуудаас туйлаас болгоомжлох хэрэгтэй.
 
Эх сурвалж: E-Journal USA


Ангилал: Сургалтын төлбөр

Уншсан тоо: 105, 1-р сар. 9, 2012, 11:53 a.m.

Шинэ мэдээ

  • TOEFL Conversion Chart

    Дэлхийн ихэнх оронд 2005 оноос интернэтэд суурилсан TOEFL-ын шалгалтыг нэвтрүүлж өнөөдөр цөөн хэдэн оронд ...

    Уншсан тоо: 21 | 3-р сар. 7, 2012, 3:54 p.m. | Дэлгэрэнгүй

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтрэх шаардлагатай