АНУ-ын орон нутгийн анхан шатны коллежууд


Хоёр жилийн сургалттай коллеж нь жижиг, орон нутагт тулгуурласан орчинд, дөрвөн жилийн сургуулийг бодвол ямагт бага зардлаар дээд боловсрол эзэмшиж эхлэх боломжийг оюутнуудад олгож байна. Америкийн Орон нутгийн Анхан шатны коллежуудын Холбооны ерөнхийлөгч бөгөөд ахлах гүйцэтгэх ажилтан Жорж Р. Боггс анхан шатны коллежуудын сургалтын чанарт сэтгэл татах увдис нь байдаг тухай өгүүлж байна.

Орон нутгийн анхан шатны коллеж нь АНУ-д улам олон оюутан дээд боловсролд хүрэх үүд хаалга болж байна. Эдгээр коллеж нь дээд зэргийн чанартай, магадлан итгэмжлэгдсэн сургуулиудад суралцаж буй оюутнуудад дөрвөн жилийн бакалаврын зэргийн сургалтын эхний хоёр жилийн хугацаанд кредит бүрдүүлэх боломж олгодог. Сургалтын төлбөр багатай анхан шатны коллежууд нь оюутнуудад таатай орчинд суралцан мөнгөө хэмнэх арга замыг тавьж өгч байна. Тэрчлэн эдгээр коллеж оюутнуудад тусгай дунд сургууль төгссөн зэрэг олгох буюу үл олгох сургалтад хамрагдах, насанд хүрэгчдэд олон чиглэлээр тасралтгүй боловсрол эзэмших, өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгож байна.
Анхан шатны коллеж нь АНУ дахь дээд боловсролын хамгийн том бөгөөд түргэн хөгжиж байгаа салбар болж байна. Өнөөдөр орон даяар бүс нутгийн түвшинд магадлан итгэмжлэгдсэн 1200 шахам орон нутгийн анхан шатны коллеж ажиллаж, эдгээрт 11 сая гаруй (ойролцоогоор Америкийн бүх оюутны 46 хувь) оюутан суралцаж байна.
АНУ-ын анхан шатны коллежууд гадаадын оюутнуудад англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх, АНУ-ын орон нутаг, америк соёл, уламжлалын талаарх ойлголт өгөх зэргээр олон талт ашигтай туслалцаа үзүүлж байдаг.
Орон нутгийн анхан шатны коллежуудын ашиг тустай талууд гэвэл:
Зардал бага – Дөрвөн жилийн сургалттай коллеж болон их сургуулиудыг бодвол сургалтын төлбөр нь үлэмж хямд юм (дөрвөн жилийн сургалттай сургуулиудын жилийн төлбөр 12000$-20000$ ба түүнээс дээш байдаг бол энд 5000$ орчим байдаг).
Их сургуульд шилжин суралцахад дөхөмтэй -АНУ-д мөрддөг “2+2” тогтолцоо нь хоёр жилийн сургалттай коллеж болон дөрвөн жилийн сургалттай коллеж буюу их сургуулийн хооронд “шилжих” үр дүнтэй тогтолцоонд хамаарна. Анхан шатны ихэнх коллеж дөрвөн жилийн сургалттай коллеж болон их сургуультай шилжүүлэлтийн гэрээтэй ажиллаж, анхан шатны коллежид авсан кредитийг дөрвөн жилийн хөтөлбөрт шилжүүлэн тооцох боломжийг хангаж өгч байна.
Магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд – Америкийн анхан шатны коллеж, дөрвөн жилийн сургалттай коллеж болон томоохон их сургуулиудыг нэг л төрлийн байгууллагууд магадлан итгэмжилдэг. Их сургуулиуд анхан шатны коллежид авсан кредитийг хүлээн зөвшөөрдгийн учир үүнд байгаа юм.
Суралцах хөтөлбөр маш олон янз – Орон нутгийн анхан шатны коллежуудад бизнесийн удирдлага, компьютерийн шинжлэх ухаан, инженерчлэл, эрүүл мэндийн шинжлэх ухаан зэрэг түгээмэл салбаруудад сонгон суралцах боломжтой хэдэн зуун мэргэжлийн хичээл ордог.
Англи хэлийг хоёрдахь хэл болгон заадаг – Анхан шатны олонхи коллеж олон түвшинд англи хэлний төрөл бүрийн дамжаа хичээллүүлж, хэлний мэдлэгийн өөр өөр түвшинтэй оюутнууд амжилттай суралцах боломжийг хангаж өгөх зорилгоор маш олон төрлийн дэмжих үйлчилгээг санал болгож байна.
Суралцах таатай орчин – Анхан шатны коллежуудад дунджаар 30 хүрэхгүй хүнтэй жижиг анги хичээллэдэг нь багш нарын зүгээс хүн бүрт анхаарал хандуулах, байнгын туслалцаа дэмжлэг үзүүлэх боломж олгодог. Оюутны сургалтын хэв загвар, хэрэгцээ шаардлагыг тэтгэн дэмжих орчинд оюутан хүн бие дааж амжилт гаргахад гол анхаарлаа хандуулдаг. Оюутнуудад зориулсан дэмжих үйлчилгээнд халамжлан туслах, зөвлөгөө өгөх, бичлэг зүйн лаборатори, олон улсын оюутны клуб, гадаадын оюутнуудад үйлчлэх төв ажиллуулах зэрэг үйлчилгээ ордог.
Олон янзын хүмүүс суралцдаг – АНУ-ын анхан шатны коллежуудад соёлын янз бүрийн өв, олон үндэстэн ястны төлөөлөл болсон оюутнууд суралцдаг. Коллежууд олон төрлийн клуб ажиллуулж, АНУ-ын нийгмийг тодорхойлдог олон талт байдлыг хөхиүлэн дэмжсэн төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг.
АНУ-ын соёлоос хүртэх боломж – Анхан шатны коллежууд орон нутгийнхаа тусгал нь болж, хэрэгцээ шаардлагад нь мэдрэмжтэй хандаж байдгийн хувьд орон нутагтаа хүчирхэг холбоо сүлбээтэй байхыг эрмэлздэг. Ийм харилцаа нь гадаадын оюутнуудад америкчуудтай хамтарч ажиллах, Америкийн соёлоос суралцах өргөн дэлгэр боломж олгодог.
Байршил болон оюутны хотхоны хэмжээ өөр өөр байдаг – АНУ-ын боловсролын бусад байгууллагуудын нэгэн адил анхан шатны коллежууд нь өөр хоорондоо маш ялгаатай. Зарим нь том хотуудад байршилтай оюутны олон хотхонтой томоохон сургууль байдаг бол зарим нь хөдөө орон нутгийн хотуудад байршсан, цөөн тооны оюутанд үйлчилдэг цомхон сургууль байдаг. Анхан шатны коллеж нь АНУ-ын хүн амын 90 хувь нь унаагаар ирж, очиж болох ойрхон зайд, эвтэйхэн байршилд байрласан байдаг.
Хүндэт төгсөгчид – АНУ-ын анхан шатны колллежийг төгсөгчдийн дотор Калифорни муж улсын захирагч Арнольд Шварценеггер, Мэриленд муж улсын захирагч асан Парис Гленденинг, НАСА-гийн спейс-шаттл хөлгийн дарга Эйлин Коллинз, Оддын дайн олон ангит кино бүтээгч, продюссер/захирал Жорж Лукас, кино жүжигчин Том Ханкс, Клинт Ийствуд, хувцасны загвар зохион бүтээгч Келвин Клейн, хүний ген судлаач Крег Вентер, АНУ-ын Ерөнхий эмч Ричард Кармона нар байна.
АНУ-ын Анхан шатны коллежид суралцах талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл http://www.CC-USA.org сайтад орж үзэх буюу орон нутгийн Education USA зөвлөгөө өгөх төвүүдэд байгаа Guide to Studying at US Community Colleges номыг уншаарай.
 
Эх сурвалж: E-Journal USA


Ангилал: АНУ-ын боловсролын тогтолцоо

Уншсан тоо: 65, 1-р сар. 11, 2012, 1:22 p.m.

Шинэ мэдээ

  • TOEFL Conversion Chart

    Дэлхийн ихэнх оронд 2005 оноос интернэтэд суурилсан TOEFL-ын шалгалтыг нэвтрүүлж өнөөдөр цөөн хэдэн оронд ...

    Уншсан тоо: 21 | 3-р сар. 7, 2012, 3:54 p.m. | Дэлгэрэнгүй

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтрэх шаардлагатай