Их сургуулийн хичээлийн танхим


Оюутанд тавих шаардлага багш бүрийн болон курс болгоны хувьд ялгаатай байдаг. Гэхдээ, Америк багш бол оюутан сурагч аа анги танхимд харилцан ярилцах хэлбэрээр хичээлийн явцад идэвхитэй оролцох, бие даалтын ажил ба бусад даалгаврыг хичээлийн хөтөлбөрт заасан хугацаанд нь цаг алдалгүй гүйцэтгэхийг шаардаж, эцсийн дүн гаргахдаа явцын болон эцсийн шалгалтын дүнг харгалзахаас гадна курсийн ажлын дүнг суурь болгох нь тогтсон жишиг болсон. Линда Тобаш нь Олон улсын боловсролын институтын Их сургуулиудын түвшин тогтоох албаны захирал бөгөөд энэхүү өгүүллэгээрээ Америкт хэрэгжүүлдэг боловсролын олон төрлийн практикын заримаас тайлбарлан танилцуулж байна.

 
АНУ-ын дээд боловсролын анги танхимыг, оюутан сурагчид сургалтын явцад эхнээс нь аваад дуустал маш идэвхитэй оролцоно гэж тооцоолж, тийм уур амьсгалтай байлгахаар урьдаас төлөвлөдөг. Багш бүр өөрийн гэсэн заах аргатай, мөн оюутандаа тавих шаардлага нь өөр хоорондоо ялгаатай хэдий ч тэд оюутнуудын зүгээс хичээлдээ бүгд адил идэвхитэй оролцох шаардлагыг тавьдаг нь нийтлэг зүйл юм. Анхны хичээлийн үеэр багш хичээлийн хөтөлбөрийг оюутнуудад танилцуулна эсвэл уг хөтөлбөрийг тухайн хичээлийн Вебсайтаас олж авахыг зөвлөж хаягийг нь хэлж өгнө. Хичээлийн хөтөлбөр нь сургалтын гол зорилгуудыг тодорхойлж, уншиж танилцах ёстой материал, бие даалтын ажлын сэдэв, сургалтын дүнг тооцолон гаргах аргачлал, хичээл тасалсаныг хэрхэн тооцох арга зэргийг агуулахаас гадна хичээлийн талаар багшийн баримтлах байр суурь буюу бодлогыг тайлбарласан байх нь цөөнгүй байдаг. Багш хүн оюутнаас хичээлд хэрхэн оролцох, яаж хандах талаар юу хүлээж байдаг тухай зарим жишээг дурдаваас:
• Оюутан нь юуны өмнө хичээлдээ суух ёстой. Олон сургуулиудад оюутны ирцийг тооцох талаар багш нар өөрийн гэсэн аргачлалтай байдаг. Зарим сургуулиудад оюутан нь хичээлийг 3-аас илүү удаа тасалсан байх ёсгүй гэх мэтчилэн үзэх нэгдсэн бодлоготой байдаг. Оюутны ирц бүртгэх нь тийм ч ер бусын асуудал биш, харин ч бүр заавал хийгдэх ёстой ажил гэж үздэг. Хичээл их таслах нь эцсийн дүн гарахад шууд нөлөөлөх нь цөөнгүй байдаг. Түүнээс гадна багш нар урьдаас хэлж мэдэгдэлгүйгээр гэнтийн байдлаар явцын шалгалт авах буюу хяналтын ажил хийлгэх нь цөөнгүй байдаг. Тухайн өдөр хичээл таслаж дүн авч чадаагүй нь оюутны эцсийн дүнд нөлөөлдөг.
• Оюутан хичээлдээ урьдаас бэлдсэн байх ёстой. Хичээлийн хөтөлбөрт багшаас оюутанд өгөх даалгаврын тухай урьдчилж тэмдэглэсэн байдаг. Иймд оюутан нь хичээл дээр яригдах сэдвээр зохих ном материалыг уншиж танилцсан байх, хичээлийг хамтдаа хэлэлцэж ярилцахад оролцох бэлтгэлтэй ирэх ёстой. Зарим тохиолдолд оюутнуудыг хэсэг бүлэгт хувааж, тодорхой нэг сэдвээр судалгаа хийх, төсөл боловсруулах даалгавар өгдөг. Ихэнхи коллежийн оюутны гарын авлагад оюутнуудыг даалгавраа цаг тухайд нь хийж, хичээлийн явцаас хоцрохгүй байхыг онцгойлон тэмдэглэсэн байдаг. Оюутны хийх ёстой даалгавар нь хэмжээний хувьд их байдаг ч нэг л хоцорвол дараа нь гүйцээд авна гэдэг бол худал болдогийг анхааруулжээ. Багшаас өгсөн даалгавар ба бусад хийх ёстой ажлыг цаг тухайд нь хийж, хичээлийн явцаас хоцрохгүй байх нь амжилтанд хүрэх шилдэг аргын нэг гэж үздэг.
• Оюутан нь бие даалтын ажил, даалгавраа цаг тухайд нь өгч шалгуулж байх ёстой. Товлосон цагаас хоцроох нь дүн хасагдахад хүргэдэг. Зарим багш цаг хугацаанд нь хураалгаагүй бие даалтын ажил, судалгааны төслийг хүлээж авахаас шууд татгалзаж, ямар нэгэн тайлбар, шалтгаан тоочихыг сонсохыг хүсдэггүй.
• Оюутан нь хичээлд идэвхитэй оролцох үүрэгтэй байдаг. 200-гаас илүү тооны оюутантай лекцийн үеэр багш сурагчдын хоорондох харилцан ярилцлага хязгаарлагдмал байж болно. Харин цөөн тооны сурагчтай семинар дадлагын хичээлийн үеэр хичээлийн сэдэв ярилцах явцад идэвхитэй оролцох нь хичээлийн дүнд шууд нөлөөлнө. Оюутан нь багшийн асуултанд хариулахаас гадна өөрөө асуулт асууж чаддаг байх ёстой. Оюутныг үзсэн хичээлээ бүрэн ойлгож эзэмшихийн зэрэгцээ тухайн хичээлийн талаар өөрийн гэсэн ойлголт, байр суурьтай болгох нь хичээлийн нэг гол зорилго юм. Өөрөөр хэлбэл, оюутан нь хичээлийг бүрэн ойлгож эзэмшихээс гадна тухайн сэдэв, холбогдох салбараар өөрийн үзэл бодлыг баяжуулан хөгжүүлж илэрхийлдэг, өөрийн байр суурийг хамгаалж чаддаг болсон байх учиртай.
Бакалаврын зэрэг буюу дээд боловсрол эзэмшихээр сурч буй оюутан нь сонгосон хичээлээ олон хэлбэрээр сурч болохоос алийг нь шилж авах нь зүйтэй вэ? Нэг хичээл нь хэд хэдэн арга хэлбэрээр заагдах тохиолдол байдаг. Эхний жилд сурагч нь 100 буюу түүнээс илүү тооны оюутан бүхий лекцийн хэлбэрийг сонгох нь цөөнгүй байдаг. Ийнхүү хичээлийг лекцийн хэлбэрээр сурахад маш их хэмжээний материал унших болдог ба оюутан нь өөрийн тэмдэглэлийг тун сайн хөтлөсөн байх ёстой байдаг. Лекцийн үеэр хэд хэдэн тест шалгуурын материал орж ирдэг. Цөөн оюутантай хэсэг бүлэгт face-to-face (F2F) гэгдэх нүүр тулан учран хамтарч ажиллах буюу Вэб дээр тулгуурлан ажиллахыг оюутнуудаас шаардаж болох юм.
Гэхдээ ихэнхи тохиолдолд хичээлийг 30-40 оюутнаас бүрэлдсэн анги танхимаар заадаг ба ийм үед оюутнууд хичээлд идэвхитэй оролцох нь нэн чухал байдаг. Анги дэвших бүрийд ангийн хэмжээ багасч, зарим хичээл нь 10 буюу түүнээс цөөн оюутнуудтай болж, семинарын хэлбэрээр явагддаг. Давтан хэлэхэд, ийнхүү цөөн оюутнаас бүрэлдсэн ангид хичээлийн явцад идэвхитэй оролцож суралцах нь оюутны хувьд нэн чухал байдаг.
Хичээлийн бусад хэлбэр нь лабораторийн хичээлүүд байж болно. Голдуу нарийн шинжлэх ухаан, тоо математикаар туршилт шинжилгээ хийх зэрэгт ийм хэлбэрийг сонгоно. Дүрслэх урлагийнхны хувьд хичээлийн зонхилох хэсэг студид явагдаж, тэнд хичээлийн концепцийг судлаж төсөл дээр ажиллана. Түүнчилэн бүжиг, жүжиг, дуу ба хөгжмийн мэргэжил эзэмшигчдийн хичээлийн дийлэнхи хэсэг нь практик ба биет тоглолт дээр суурилж явагдана. 
Зарим хичээлийг сурагч бие даах байдлаар эзэмшиж болно. Ингэсэн тохиолдолд багштайгаа урьдчилан уулзаж, семестрын явцад сурагчийн зүгээс хийх ёстой бие даасан судалгаа, бие даалтын ажил зэргийг хийж багшдаа шалгуулах, багштайгаа уулзаж ярилцах, зөвлөлгөө авах цаг хугацааг товлож, тухайн хичээлийг эзэмших талаар урьдчилсан зураг төлөвлөгөө гаргаж авна.
Сampus буюу оюутны хотхонд нь оюутнаас F2F буюу нүүн тулан нэг ангид сууж суралцах эсвэл Вэб сайтаар дамжуулан зайн сургалтаар сурах хоёр хэлбэрээс алийг нь сонгохыг шаарддаг болсон нь улам түгээмэл болж байна. Оюутнууд хичээлийн зарим нэгийг ангид сууж сурах, бусдыг нь Вэбээр бие даан сурахаар сонгодог болсон нь ердийн үзэгдэл болоод байна. Оюутнуудаас нэг нь ч зайн сургалтын хэлбэрийг сонгоогүй байхад багш нар нь нэмэлт мэдээлэл, даалгавар өгч, оюутныг мэдээллийн шинэ эх сурвалж руу чиглүүлэн сурч боловсроход нь Веб-ийг өргөн хэрэглүүлэх нь бараг моод болсон гэмээр. Иймд оюутан нь тухайн сургуулийн Вебд суурилуулсан хичээлийн функционал хэрэглээг сайн эзэмшиж сурсан байх ёстой.
Бакалаврын зэргээр сурч буй зарим оюутан сургалтынхаа хөтөлбөрийн дагуу дадлагын ажил хийдэг. Энэ нь оюутны анги танхимд сурч мэдсэнээ амьдралын жинхэнэ бодит байдалд туршин үзэж, мэдлэгээ улам төгс болгоход зориулагдсан юм. Мөн сонгосон мэргэжлийнхээ дагуу ирээдүйд ажиллах салбараа зөв сонгосон эсэхийг таньж мэдэхэд оюутанд өөрт нь тус болдог.
Ихэнхи тохиолдолд сурч буй мэргэжлийнх нь дагуу оюутнуудыг компани, бизнесийн байгууллагуудад дадлага хийлгэдэг. Дадлагад кредит цаг тооцогдох тохиолдолд оюутан нь дадлагын хажуугаар ангийн хурал, уулзалтанд тогтмол оролцож дадлагын ажлынхаа талаар харилцан санал бодлоо солилцох шаардлагыг тавьдаг. Дадлага нь цалинтай байж болох хэдий ч ихэнхи тохиолдолд дадлагын ажлыг цалингүйгээр хийдэг эсвэл хамгийн багаар тооцсон санхүүгийн нөхөн олговор авдаг. Зарим салбарт, жишээ нь инженерчлэлийн хувьд үйлдвэрийн дадлагыг зуны амралтын цагаар хийхийг санал болгодог. Зуны дадлагын ажилд коллежийн кредит тооцогддоггүй.
Сургалтын өөр нэг сайн арга хэлбэр нь сургалтын хөтөлбөрт нийгэмд үйлчлэх хичээлийг суулгаж өгөх буюу оюутнуудаар сургалтын хөтөлбөрийн дагуу нийгэмд тустай хөдөлмөр хийлгэхэд оршино. Энд нийгмийн аль нэг онцлог хэсэгт амьдарч буй хүмүүсийн дунд үүсэн бий болсон бэрхшээл, ээдрээтэй асуудал маргааныг таслан шийдвэрлэх, тэдгээр хүмүүст тус хүргэхийн тулд анги танхимд сурч мэдсэнээ амьдралд хэрэгжүүлэх сайхан боломж оюутнуудад гардаг. Нийгэмд тус хүргэхээс гадна ийнхүү ажиллах нь оюутнуудад иргэний үүргээ ухамсарлан мэдрэх, цаашилбал ардчилал, иргэншлийн тухай ойлголттой болоход нь тус болдог.
 
Эх сурвалж: E-Journal USA


Ангилал: АНУ-ын боловсролын тогтолцоо

Уншсан тоо: 79, 1-р сар. 24, 2012, 2:22 p.m.

Шинэ мэдээ

  • TOEFL Conversion Chart

    Дэлхийн ихэнх оронд 2005 оноос интернэтэд суурилсан TOEFL-ын шалгалтыг нэвтрүүлж өнөөдөр цөөн хэдэн оронд ...

    Уншсан тоо: 21 | 3-р сар. 7, 2012, 3:54 p.m. | Дэлгэрэнгүй

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтрэх шаардлагатай