АНУ-ын муж улсын их сургуулиуд
Роберт Х.Брунинкс нь Миннесотагийн Их сургуульд 1968 оноос хойш ажиллахдаа тус сургуулийн 15 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байв.Өдгөө тэрээр Миннесотагийн ИХ сургуулийн дэргэдэх Хьюберт Х.Хамфрийн Олон нийтийн харилцааны сургуулийн профессороор ажиллаж байна. E-journal USA сэтгүүлд түүний бичсэн АНУ-ын муж улсын их сургуулиудын талаархи нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ер нь төрийн буюу муж улсын их сургуулиуд нь хэдэн арван мянган оюутантай байдаг бөгөөд хэдэн зуун мэргэжлийн сэдвээр боловсролын зэрэг олгож байна. Роберт Х. Бруининкс муж улсын томоохон их сургуулиудын бүтэц, санхүүжилт болон гадаадын оюутан, мэргэжил дээшлүүлэгчдийн суралцах боломж нөхцлийн талаар тоймлон өгүүлж байна. Тэрээр 2002 оноос Миннесотагийн Их сургуулийн захирлаар ажиллаж байгаа ба Уильям Фулбрайтын Гадаадын оюутны тэтгэлгийн удирдах зөвлөлийн гишүүн юм.
АНУ-ын олон нийтийн буюу муж улсын гэгдэх төрийн томоохон их сургуулиудыг тухайн муж улстай нь ихээхэн адилтгаж үздэг бөгөөд тэрхүү муж улс нь тэдгээрт дэмжлэг үзүүлдэг юм. Эдгээр их сургууль бол өвөрмөц уламжлалтай, орон нутагтайгаа нягт холбоотой, өндөр үнэлэгддэг, сонирхолтой бөгөөд хөгжингүй дээд боловсролын төвүүд юм. Түүнчлэн тэдгээр нь улс орны болоод дэлхийн өнцөг булан бүрээс авьяас билэгтэй хүмүүсийг өөртөө татдаг соронзон мэт томоохон сургуулиуд юм.
Ер нь ийм маягийн их сургуулиудад хэдэн арван мянган оюутан суралцдаг байна. Эдгээр их сургууль улс орны эрдмийн болоод мэргэжлийн зэрэгтэй хүмүүсийн дийлэнхийг, эрдмийн цол зэрэг горилогчдын үлэмж хэсгийг бэлтгэн гаргаж байна. Мөн төрийн томоохон их сургуулиудад нийтлэг байдаг нэг зүйл бол сургалтын өргөн хүрээтэй хөтөлбөр юм. Өөрийн удирддаг Миннесотагийн Их сургуулиар жишээ болгоход Оюутны ихэр хотхон нь 50 мянган оюутантай, хэдэн зуун мэргэжлээр зэрэг олгодог юм. Энэ их сургууль мэдрэл болон эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, эдийн засаг болон улстөрийн ухаан, материал судлал болон нанотехнологи, хөдөө аж ахуй болон байгалийн нөөц баялгийн зэрэг төрөл бүрийн салбарт тэргүүлж байна.
Муж улсын их сургуулиуд бүс нутгийн эдийн засаг, соёл, иргэний хөгжилд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Миннесотагийн Их сургууль шиг олон их сургууль судалгаа шинжилгээний ажил явуулах замаар мэдлэг болон технологийг дээд түвшинд гаргахад их үр нөлөөтэй оролцож байна. Эдгээр их сургууль АНУ-ын эрдэм шинжилгээний томоохон их сургуулиудын тоонд багтдаг бөгөөд дэлхий даяар хэрэгжүүлж байгаа олон улсын хөтөлбөрүүдэд тогтмол тэргүүлэн оролцож байна. Муж улсуудад их сургуулиуд үндэслэн байгуулахад нь туслах зорилгоор ХIX зууны хоёрдугаар хагаст Холбооны хэмжээнд хэд хэдэн шаталсан арга хэмжээг хэрэгжүүлсэн юм. Холбооны зүгээс гаргасан энэхүү өгөөмөр сэтгэлийн үрээр бий болсон их сургуулиуд нь өөрийн оршин байгаа муж улсуудын орон нутгийн хүрээнд ажил, үйлчилгээ үзүүлэх (технологи шилжүүлэх, хөдөө аж ахуйд дэмжлэг үзүүлэх, бага, дунд сургуулиудтай харилцан хамтарч ажиллах, мөн муж улсын болон орон нутгийн бодлого боловсруулагчдтай харилцан хамтарч ажиллах) үүрэг хүлээдэг.
Эрдэм шинжилгээний ажлын эрчим далайц муж улсын их сургуулиудад ихээхэн өөр өөр байдаг. Шинжилгээ судалгааны ажлыг сонгон шалгаруулахад зориулсан хэдэн зуун сая долларын хэмжээний мөнгөн тэтгэмж болон гэрээ хэлцлийг хамгийн нэр хүндтэй муж улсын сургуулиудад жил бүр олгодог нь хэвшсэн заншил юм. Муж улсуудын зүгээс үзүүлж буй дэмжлэг туслалцааны хэмжээ ч мөн ихээхэн ялгаатай. Судалгаа шинжилгээний ажилд ихээхэн хэмжээний хөрөнгө төсөвлөдөг муж улсын их сургуулиуд төсвийнхөө 10-30%-ийг оршин байгаа муж улсынхаа төсвөөс голдуу авдаг. Их сургуулиуд төсвийнхөө үлдсэн хэсгийг сургалтын төлбөр, хураамж, мөнгөн тэтгэмж/гэрээ хэлцэл болон бэлгийн хандиваас бүрдүүлдэг.
Муж улсын томоохон их сургуулиудын санхүүжилтийн бүтцээс үндэслэн тэдгээрийн судалгаа шинжилгээний ажилд зориулсан мөнгөн тэтгэмж/гэрээ хэлцлийн хөрөнгөөс олон аспирант хагас цалинжин эрдэм шинжлэгээний туслах ажилтнаар ажиллаж санхүүгийн дэмжлэг авах боломж байдаг. Хэдийгээр муж улсын их сургуулиуд олон улсын солилцоо, судалгааг дэмжих зорилгоор аль болох их хэмжээний санхүүжилт хайдаг боловч гадаадын оюутнуудад зориулах санхүүгийн эх үүсвэр өмнө дурдсан судалгааны ажил/тусламжийн санхүүжилтээс гадуур олдох боломж маш хязгаарлагдмал байдаг. Ерөнхийдөө, бакалаврын зэрэг горилсон оюутнууд ассистентаар ажиллах боломжгүй тул дээд боловсролын анхан шатны зэрэг горилон суралцаж буй гадаадын оюутнуудыг тэтгэлгээр дэмжих боломж эдгээр муж улсын их сургуулиудад үнэхээр хязгаарлагдмал юм.
Муж улсын томоохон их сургуулиуд жижиг хэмжээний даруухан хотуудаас эхлээд томоохон хотууд хүртэлх янз бүрийн газар байршсан байдаг. Олон их сургууль муж улсаар нэг тархсан оюутны олон хотхонтой байдаг бол мөн олон муж улс нэгээс илүү тооны төрийн их сургуулийн системтэй байдаг. Муж улсын засаг захиргаанд янз бүрээр тайлагнадаг хариуцлага бүхий итгэмжлэгдсэн буюу сургуулийн захиргааны гишүүдийн зөвлөл улсын их сургуулиудыг удирддаг. Бусад олон орноос ялгаатай нэг зүйл бол АНУ-ын эдгээр их сургууль Холбооны түвшний Боловсролын сайдад тайлагнадаггүй бөгөөд дээд боловсролын бодлого боловсруулах ихээхэн эрх мэдлийг муж улсуудад олгосон байдаг. Харин Холбооны хэмжээнд Үндэсний Шинжлэх ухааны Сан, Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгүүд болон Холбооны бусад олон агентлагаар дамжуулан оюутнуудад санхүүгийн тусламж үзүүлж, судалгаа шинжилгээний ажлыг санхүүжүүлэх өөр тогтолцоотой байдаг. АНУ-ын төрийн их сургуулиудын зарим уламжлал бусад орнуудынхаас маш ондоо. Муж улсын дэмжлэгтэй эдгээр их сургуульд ч гэсэн оюутнууд уламжлал ёсоор сургалтын төлбөр, хураамж төлөх замаар боловсролынхоо зардлын зарим хэсгийг төлсөөр ирсэн бөгөөд оюутнуудад ногдох эдгээр төлбөрийн хэмжээ улам нэмэгдсээр байна. Өнөөдөр дундаж оюутан боловсролынхоо зардлыг төлөхийн тулд зээл авч байна. Төслийн санхүүжилт, оюутны тэтгэлэг болон улсын их сургуулиудын орон тооны санхүүжилтэд ч хувийн хандив улам бүр чухал үүрэг гүйцэтгэх болж байна. Эцэст нь хэлэхэд, их сургууль хоорондын спортын тэмцээнүүдийг оюутнууд, хуучин төгсөгчид болон жирийн олон шимтэн сонирхдог бөгөөд тэдгээр тэмцээн нь нэмэгдэл орлогын эх үүсвэр болж байна.
АНУ-ын бүх их сургууль дотроос голдуу муж улсын томоохон их сургуулиуд хамгийн олон тооны гадаадын оюутан, суралцагсадтай байдаг. Миннесотагийн Их сургуульд гэхэд манай хамт олны дотор 130 шахам орны 4500 гаруй гадаадын оюутан суралцаж байгаа юм. Миннесотагийн Их сургууль хувь хүний болон хичээл сургуулийн асуудлаар, АНУ болон их сургуулийн соёл, уламжлалын чиглэлээр баримжаа олгох, мөн цагаачлал, визийн асуудлаар зөвлөгөө өгөх, англи хэлийг хоёрдахь хэл болгон заах, өөр өөр өв соёлын харилцан ойлголцол, холбоо харилцаа гэх мэтийн олон янзын сэдвээр хөтөлбөр, семинар явуулах зэргээр дэмжих үйлчилгээ үзүүлж байна. Муж улсын олон их сургууль зарим үед учрыг нь ойлгоход хэцүү байж болох захиргааны тогтолцоо, хичээлийн журам зэрэгт дасч заншихад нь оюутнуудад туслах хөтөлбөртэй ажиллаж байна. Гэхдээ эдгээр үйчилгээний хүрээ сургууль бүр дээр өөр өөр байдаг.
Бусад орны зүгээс өрсөлдөөн ихсэж байгаа энэ үед АНУ-ын ямар ч том их сургууль гадаад оюутны сонирхлыг баталгаатай татна гэж хэлэх боломжгүй юм. Тиймээс төрийн их сургуулиуд нь дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн шилдэг, сайн оюутнуудыг татахад улам бүр голлон анхаарах болов. Хэрвээ та мэдлэг, бүтээлч хөдөлмөр хоёрын огтлолцох зааг дээр өөрийгөө хэн болохыг харуулах эрч хүч, эрмэлзлэлтэ байгаа бол, өөртөө тавьсан өндөр зорилготой оюутан мөн бол Америкийн Нэгдсэн Улсын төрийн томоохон их сургуулиудад байгаа баялаг боломжийг судлахад тань би урам нэмье.
Ангилал: АНУ-ын боловсролын тогтолцоо
Уншсан тоо: 193, 12-р сар. 13, 2011, 1:58 p.m.
Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтрэх шаардлагатай
Сэтгэгдлүүд:
Эрхэм Neonleo нь 2011/12/20 07:24:11-д энэ сэтгэгдлийг үлдээв
19
15
Goy site baina
Эрхэм Neonleo нь 2012/01/07 04:55:06-д энэ сэтгэгдлийг үлдээв
14
7
cgv